Маржин

Хөрөнгийн зах зээл дээр аливаа хувьцааны ханш өөрчлөгдсөнөөр ханшийн өөрчлөлтийн болон үнэт цаасны төлбөрийг зээлээр гүйцэтгүүлэх тохиолдолд шимтгэл, хүүгийн зардлын эрсдэлийг дагуулж байдаг. Харин тэдгээр эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгах, эрсдэлийг удирдах гол арга нь  “Маржин” буюу “Дэнчин” байршуулах аргачлал юм. Маржин гэж юу вэ?

Харилцагч Биржийн арилжаанд оролцохын тулд хэлцлийн үнийн дүнгийн тодорхой хувиар тооцон арилжааны банкин дахь Биржийн харилцах дансанд байршуулах мөнгөн хөрөнгө нь “Маржин” юм.

Жишээ нь: Харилцагч “xyz” компанийн 100 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцааг худалдан авах захиалга  өгсөн гэж үзвэл захиалгын үнийн дүн нь  (1,000*100) буюу 100,000 төгрөг болно. Биржээс тогтоосон маржингийн хэмжээг 20% гэж үзвэл (100,000*20) буюу 20,000 төгрөгийг харилцагч урьдчилан байршуулна гэж ойлгоно.

  • Харилцагч арилжаанд оролцохын өмнө байршуулах шаардлагатай маржингийн хэмжээг Бирж тогтооно.
 
Барьцаа хөрөнгө

Тооцооны гишүүн үнэт цаасны арилжаанд оролцохын өмнө арилжааны банк дахь Биржийн тооцооны төвийн дансанд барьцаа хөрөнгө байршуулна. Тооцооны шууд гишүүн болон тооцооны ерөнхий гишүүнээс хамааран байршуулах барьцаа хөрөнгийн дүн ялгаатай байна. Тухайн барьцаа хөрөнгийн 20-оос доошгүй хувийг бэлэн мөнгөөр, үлдсэн 80 хүртэлх хувийг Биржийн зөвшөөрсөн хувьцаа болон засгийн газрын бонд хэлбэрээр байршуулж болно. Барьцаа хөрөнгийн тодорхой хувийг үнэт цаас хэлбэрээр байршуулах бол Хадгаламжийн төв дэх тооцооны төвийн дансанд үнэт цаасыг шилжүүлэн байршуулна.

 
Төлбөрийн баталгааны сан

Үнэт цаасны төлбөрийг бүрэн гүйцэтгэхтэй холбоотой эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахтай холбогдуулан “Төлбөрийн баталгааны сан”-г байгуулан ажиллана. Уг сангийн мөнгөн хөрөнгийн хуримтлалыг Бирж болон гишүүн компани бүрдүүлнэ. Сангийн хуримтлал дахь мөнгөн хөрөнгийг арилжааны банкин дахь тусгай харилцах дансанд байршуулна.

  • Сангийн хуримтлал нь анхдагч, мөчлөгт, нэмэлт хуримтлалаас бүрдэнэ.
  • Анхдагч хуримтлалыг Биржийн гишүүнээр шинээр элсэж буй гишүүн байршуулна.
  • Мөчлөгт хуримтлалыг үнэт цаасны арилжааны төлбөрийн гүйцэтгэлийн эрсдэлийг бууруулах зорилгоор гишүүн байршуулна.

Сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт хуримтлалыг гишүүн байршуулах бөгөөд энэхүү нэмэлт хуримтлалыг байршуулах шаардлага, тавигдах нөхцөл зэргийг Бирж тогтооно.

Сангийн хуримтлал, бүрдэлт, ашиглалтын талаарх мэдээллийг Бирж хагас жил тутам бүх гишүүнд хүргүүлнэ.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL