Монголын үнэт цаасны биржийн арилжаанд оролцогч болон харилцагч нарт Биржийн арилжааг цахим хэлбэрээр хэрхэн зохион байгуулах, захиалгын төрлүүд, хуваарийн дагуу хэрхэн арилжаанд оролцох тухай энэхүү цахим хуудсаар дамжуулан энгийн хэлбэрээр мэдээлэл олгох зорилгоор олон нийтэд хүргэж байна. Мөн бид арилжааны үеийн (бодит цагийн) болон арилжааны дараах мэдээллийг цаг алдалгүй дамжуулна.

Арилжааны талбар

Арилжааны талбарыг Биржийн бүтээгдэхүүн болох үнэт цаасны хувьд хувьцаа болон бонд гэж ангилах бол Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журмын дагуу "Үндсэн" болон "Хөгжлийн" талбар гэж ангилдаг. 

Хөгжлийн талбар нь үндсэн талбарыг бодвол шалгуур арай доогуур бөгөөд тухайн үнэт цаасны үнийн хэлбэлзэл өндөр тул хүлээх эрсдэл өндөр байна.  

Одоогийн байдлаар Монголын үнэт цаасны биржийн үндсэн талбарт компанийн хувьцаа арилжаалагдахад бэлэн болсон байна.

Зах зээл

Зах зээлийг анхдагч болон хоёрдогч гэж ангилах бөгөөд үнэт цаасыг анх удаа олон нийтэд санал болгох эсвэл нэмж үнэт цаас гаргаж байгаа тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааны горимоор арилжааг зохион байгуулна. Анхдагч зах зээлийн арилжаа дуусмагц үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлнэ. Хоёрдогч зах зээлийн арилжаа гэдэг нь анхдагч зах зээлээс гарсан үнэт цаасыг дахин арилжихыг хэлнэ.

 


 
Үнэт цаас гэж юу вэ?

Үнэт цаас гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-д заасан болон Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж баталсан хөрвөх чадвар бүхий санхүүгийн хэрэгслийг хэлнэ.

Хувьцаа

Хувьцаа гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.

Хувьцааг энгийн болон давуу эрхийн гэж ангилна.

Энгийн хувьцаа

Энгийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхтэй, компанийн удирдлагад хяналт тавьж ногдол ашиг хүртэх боломжтой боловч тогтмол ногдол ашиг авахгүй бөгөөд компани татан буугдах тохиолдолд Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу  зээлдүүлэгч болон давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дараа өөрийн хувьцааны тоо ширхэгт хувь тэнцүүлэх замаар өр төлбөрөө барагдуулна.

 
Давуу эрхийн хувьцаа

Давуу эрхийн хувьцаа худалдан авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхгүй, тогтмол ногдол ашиг авдаг, компани татан буугдах дампуурахад Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу  зээлдэгч нарын өр төлбөрийг барагдуулсны дараа хөрөнгө оруулагчдад хөрөнгө хуваарилахад тэргүүн ээлжид авдаг. Давуу эрхийн хувьцаа нь хөрвөх чадвартай бөгөөд хөрвөх нөхцөлийг нь тодорхой зааж өгсөн тохиолдолд энгийн хувьцаа руу хөрвөх боломжтой байдаг.


 
Арилжаанд оролцсоноор олох ашиг

 Хувьцаа худалдан авснаар харилцагч нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч болох бөгөөд жил бүр ногдол ашиг, ханшийн зөрүүнээс урт хугацаанд ашиг олох боломжтой байхад бонд худалдан авснаар харилцагч нь үнэт цаас гаргагчид зээлдүүлэгч болох бөгөөд тодорхой хугацаанд хүүгийн орлого эсвэл хямдруулсан хүүний зардлаас ашиг олно.

- Ногдол ашиг | Ногдол ашиг гэдэг нь үнэт цаас гаргагч буюу компанийн жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг тухайн компаний хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигчид хөрөнгөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж буй, ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал юм.

- Хувьцаа эзэмшигчдийн хурал | Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулана. Хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувьцааны хэмжээнд дүйцэх нэгж саналын эрхтэй байна. Саналын эрх нь хуваагдахгүй бөгөөд итгэмжлэл олгосон хугацаанд саналын эрх бусдад түр шилжиж болно.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL