Монголын үнэт цаасны бирж нь арилжаанд оролцогчдын эрэлт хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэн үнэт цаасны төлбөрийг Т+3 хугацаанд буюу хэлцэл хийгдсэний дараа гурван хоногийн дотор гүйцэтгэх боломжийг олгож байгаа билээ.

Үнэт цаасны төлбөрийн Т+3 тогтолцоо нь төлбөрийн үүргийн эрсдэлийг агуулж байдаг. Аливаа хэлцэлд өөрийн үнэт цаасаа зарж буй этгээд, нөгөө талаас уг үнэт цаасыг нь мөнгөн хөрөнгөөр худалдан авч буй этгээд оролцоно. 

Харин үнэт цаасыг мөнгөн хөрөнгөөр, тэр дундаа Т+3 өдрийн дотор төлбөрөө шилжүүлэх үүрэг хүлээсэн харилцагч төлбөр гүйцэтгэх үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байх эрсдэл гарч болно. Энэхүү эрсдэлээс шалтгаалан зах зээлийн, хөрвөх чадварын зэрэг бусад эрсдэлүүд гарч болзошгүй тул Бирж  Тооцооны төвөөр дамжуулан эдгээр эрсдэлийг удирдах, зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

ҮНЭТ ЦААСНЫ ТООЦООНЫ АЖИЛЛАГАА

Үнэт цаасны тооцооны ажиллагаанд үнэт цаасны хэлцэл хийгдсэнээс хойш уг хэлцлийн төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацааны бүх ажиллагаа хамаарна. Тухайлбал “Тооцооны ажиллагаа” нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Хэлцэл баталгаажуулах
  • Хэлцэл эмхтгэх
  • Төлбөрийн даалгавар илгээх зэрэг ажиллагаа байна.

Хэлцэл баталгаажуулах

Үнэт цаасны төлбөрийг зохих этгээдэд, тогтоосон хугацаанд найдвартай шилжүүлэх ажиллагаа нь хэлцэл бүрийн хоёр (авах, зарах) талын баталгаажилтаас эхэлнэ. Харилцагч нь биелэгдсэн захиалгаа брокертойгоо холбогдож баталгаажуулсан байх нь алдаатай шивэгдсэн, дутуу биелэгдсэн байх зэрэг эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой. Мөн үнэт цаас худалдаж авсан оролцогч мөнгөн төлбөрөө тухайн өдөртөө шилжүүлэх, эсвэл зээлээр гүйцэтгэх тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. Арилжаанд оролцогч нь өөрийн хэлцлээ арилжаа дууссанаас хойш нэг цагийн дотор баталгаажуулсан байна.

Хэлцэл эмхтгэх

Биржийн Тооцооны төв нь төлбөр шуурхай гүйцэтгэх нөхцөл бий болгох үүднээс нийт оролцогчдын үүргийг нэгтгэж, бүх оролцогч хоорондын төлбөр тооцооны ажилбарыг багасгах ажиллагааг эмхтгэл гэнэ. Жишээлбэл, харилцагч ABC компанийн 15 ширхэг үнэт цаас худалдан авч 10 ширхэгийг нь тэр даруй зарсан байлаа гэж үзвэл түүний дансанд 15 үнэт цаас шилжүүлсний дараа 10 үнэт цаасыг буцаан гаргах хэрэгтэй болно. Харин эмхтгэл хийгдсэнээр арилжааны дараа түүний дансанд зөвхөн нэг гүйлгээгээр 5 (=15-10) ширхэг үнэт цаас очих юм. Зөвхөн энэ жишээн дээр хоёр ажилбарыг нэг болгон хялбарчилж байгаа бол бодит арилжааны дараа нийт гүйцэтгэгдэх ажилбарыг 80-90 гаруй хувиар багасгах боломжтой. Ийнхүү ажилбар багасах нь хөрөнгө оруулагчийн гаргах зардал багасах давуу талтай.

Төлбөрийн даалгавар

Хэлцэл эмхтгэснээр тооцооны гишүүдэд хичнээн тооны үнэт цаас эсвэл мөнгөн хөрөнгийг хэнд шилжүүлэх тухай мэдэгдэл хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдэл хүргүүлснээр үнэт цаасны төлбөр гүйцэтгэх ажиллагаа эхлэнэ.

ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨРИЙН АЖИЛЛАГАА

Үнэт цаас зарсан оролцогч нь үнэт цаасны төлбөрөө тухайн өдөртөө хүлээж авна. Харин үнэт цаас авсан оролцогчийн хувьд төлбөрөө тухайн өдөртөө шилжүүлэх эсвэл зээлээр гүйцэтгэх гэсэн хоёр сонголт байна.Хэрэв үнэт цаасны төлбөрөө тухайн өдөртөө шилжүүлсэн бол Тооцооны төвийн маржин дансанд байршуулсан маржингаа буцааж авах эрхтэй байх бөгөөд Биржийн “Төлбөрийн ажиллагаа” нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Үнэт цаасны төлбөр гүйцэтгэх
  • Үнэт цаас шилжүүлэх тухай мэдэгдэл
  • Үнэт цаасны шинэчлэгдсэн бүртгэл

Үнэт цаасны төлбөр гүйцэтгэх

Арилжаанд оролцогч үнэт цаасны төлбөрийг тухайн арилжаа хийгдсэн өдөртөө шилжүүлэх бол тухайн өдрийн арилжаа дууссанаас хойш 4 цагийн дотор багтаан үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэх ба зээлээр буюу Т+3 хоногт гүйцэтгэх хүсэлт гаргасан харилцагчийн Тооцооны гишүүн түүний өмнөөс эсвэл бусад эрх бүхий этгээдээр үнэт цаасны төлбөрийг Биржээс тогтоосон хугацаанд хийж гүйцэтгүүлнэ.

Үнэт цаас шилжүүлэх тухай мэдэгдэл

Ийнхүү Бирж Арилжааны банкин дахь дансны хуулгыг шалгах замаар төлбөр хугацаандаа төлөгдсөн эсэхийг хянан Тооцооны гишүүнд “Барьцааны данс” дахь “Үнэт цаасыг шилжүүлэх мэдэгдэл”, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд өөрчлөлт оруулахаар Хадгаламжийн төвд “ Үнэт цаас шилжүүлэх тухай мэдэгдэл”-ийг тус бүр тогтоосон хугацаанд багтаан хүргүүлнэ.

Үнэт цаасны бүртгэл

Биржээс ирүүлсэн “Үнэт цаас шилжүүлэх мэдэгдэл”-ийн дагуу дансны бүртгэлд өөрчлөлт орох бөгөөд Тооцооны гишүүн өөрчлөлт орсон уг дансны бүртгэлийн мэдээллийг Биржид илгээнэ.

 Анхаарах зүйлс:

Хэрэв харилцагч үнэт цаасны төлбөрийг Т+3 хугацаанд багтаан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Бирж Тооцооны гишүүнд тухайн үнэт цаасыг шилжүүлэн, учирсан аливаа хохирлыг харилцагчийн маржингаас суутган тооцооны гишүүнд  шилжүүлнэ. 

 

 

 

 

 

 

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL