Монголын үнэт цаасны биржийн арилжааны журмын дагуу арилжааг зохион байгуулахдаа дараах үнэ тогтох аргуудыг ашиглана: 

  • Үргэлжилсэн арилжааны арга
  • Санал болгосон үнээр худалдах арга
  • Тэнцвэрт үнийн арга
  • Үргэлжилсэн дуудлага худалдааны арга

  Үнэт цаасны захиалгууд нь үнэ болон цаг хугацааны ахлах дарааллаар биелэгдэнэ.

Үргэлжилсэн арилжааны арга

Үргэлжилсэн арилжааны арга гэдэг нь үнэт цаас авах болон зарах хамгийн сайн үнэ бүхий захиалгууд хугацааны эрэмбээр шууд биелэгдэх аргыг ойлгоно. Хамгийн сайн үнэ гэж авах захиалгуудын хамгийн өндөр үнэ буюу зарах захиалгуудын хамгийн бага үнийг хэлдэг.

Үргэлжилсэн арилжааны аргаар үнэ тогтох жишээг ЭНД дарж үзнэ үү.

Санал болгосон үнээр худалдах арга

Биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар үнэт цаасыг санал болгосон үнээр худалдах бөгөөд захиалгууд зөвхөн санал болгосон үнэ болон түүнээс дээш үнээр биелнэ. 

Тэнцвэрт үнийн арга

Арилжааны нээлт болон хаалтын үед үнэт цаасны ханш тогтооход тэнцвэрт үнийн аргыг ашигладаг бөгөөд энэ аргыг ашиглахад үнэ дараах байдлаар тогтдог:

  1. Захиалгын санд бүртгэлтэй нийт захиалгуудын хамгийн олон ширхэг үнэт цаас арилжигдах боломжтой үнийг сонгоно. 
  2. Эхний шатанд хоёр болон түүнээс дээш ижил үнэ олдсон тохиолдолд биелээгүй үлдэх үнэт цаасны тоо хамгийн бага байх үнийг сонгоно.  
  3. Хоёр дахь шатанд мөн хоёр болон түүнээс дээш ижил үнэ олдвол хамгийн сүүлд биелсэн хэлцлийн үнэд ойр үнийг сонгоно.  
  4. Гурав дахь шатанд мөн хоёр болон түүнээс дээш ижил үнэ олдвол эдгээрээс хамгийн өндөр үнийг сонгоно.  
Үргэлжилсэн дуудлага худалдааны арга

Тэнцвэрт үнийн аргыг нэгээс олон удаа дараалан хэрэглэхийг үргэлжилсэн дуудлага худалдааны арга гэдэг. Арилжааны үндсэн үед үнэт цаасны үнэ үргэлжилсэн аргаар тооцогдох бөгөөд арилжааны явцад үнэт цаасны үнэ ханш хязгаарлалтын түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжилсэн дуудлага худалдааны аргад шилждэг.

Үргэлжилсэн дуудлага худалдааны аргын жишээг ЭНД дарж үзнэ үү.

  

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL